Танилцуулга

Алсын хараа

Нийслэл орон нутгийн багш нарыг нэгтгэж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, СӨБ-ын бодлого чиглэлийг хамтран тодорхойлохуйц байгууллага болно.

Эрхэм зорилго

Бид өвөг дээдсийнхээ “Хүнээр хүн хийх” ухааныг өвлөж, сургуулийн өмнөх насны хүүхдийг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ирээдүйд өөрийнхөө болон эх орныхоо эзэн нь байх ЗӨВ МОНГОЛ хүний суурийг тавина.

Уриа

Нэг зорилго - Нэгдмэл санаа

Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд нэгдмэл санаатай байж, харилцан биесээ ойлгон дэмжиж, хамтран ажиллах нь хүүхдийн төлөвшилд онцгой ач холбогдолтой.

Танилцуулга

“Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” төрийн бус байгууллага нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын тулгын гурван чулуу болох хүүхэд, эцэг эх, багш нарын гурвалсан холбоонд түшиглэсэн

  • “Цэгээр наадъя”-Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөлт ажил,
  • “Сайн хүүхэд”-Хүүхдэд бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгох төсөлт ажлыг тус тус санаачлан хэрэгжүүлж  ирсэн

Монгол улс БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО-доо “Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх чадвар бүхий боловсролтой “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулан, судалгаа инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулан хөгжүүлэхэд оршино” хэмээн тусгасан байдаг.

Түүнчлэн боловсролын чанарын шинэчлэлийн үзэл санаа нь “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” буюу хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем, эцэг эхчүүд, боловсролын байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна.

Бид мэдлэг чадвартай ганц хүнийг бус багийн ажиллагааг эрхэмлэдэг, боловсрол мэдлэгээс илүү хүний зан чанар, харилцаа хандлагаар нь үнэлдэг мэдээлэл технологийн хурдтай /үсрэнгүй/ хөгжил бүхий цоо шинэ нийгэмд амьдарч байгаа билээ. Энэ нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрийнхөө болон эх орныхоо эзэн нь байж чадах үнэт зүйлтэй, үнэ цэнэтэй иргэдийг бэлтгэх суурь нь гагцхүү хүүхэд насанд тавигддаг. Хүний төлөвшлийн 70-90% нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог гэж оросын алдарт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко, В.А.Сухомлинский нар үзэж байсан нь орчин үеийн эрдэмтдийн судалсан тархины хөгжлийн онолтой дүйцэж байгаа билээ. Учир нь хүний тархины хөгжлийн үйл явцын хамгийн чухал үе нь эхний таван жил бөгөөд тархины “барилгажилт” бүрэн явагдаж дуусдгийг эрдэмтэд баталсан.

Сургуулийн өмнөх нас буюу хүний амьдралын эхний 5-6 жил маш хурдан өнгөрдөг боловч энэ богино хугацаанд хүний сэтгэцэд асар их дэвшилттэй өөрчлөлт явагддаг. Хүүхэд хамгийн арчаагүй амьд амьтнаас ухамсарт бие хүнд хувилж, байгаль, нийгэм ба өөрийн сэтгэцийн хөгжлийн зүй тогтлыг ойлгож, хүрээлэн буй бодит байдлыг идэвхтэй өөрчлөн шинэчлэгч хүч болон төлөвшдөг. Тиймд бид сургуулийн өмнөх нас бол хүний амьдралын суурь хандлага бүрэлдэн тогтдог хамгийн хариуцлагатай, чухал үе гэдгийг олон түмэнд таниулж, тэр насанд нь анхаарал хандуулан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, нэгдмэл санаагаар “Зөв монгол” хүүхдийн суурийг тавихад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон “Сайн хүүхэд” хөтөлбөрийн ач холбогдлыг үнэлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сурвалжлан, 2014-2015 оны хичээлийн жилд дараах нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Үүнд:

  • “Соён гэгээрүүлэгч” телевизийн “Соён гэгээрүүлэгч” таван цуврал лекц, 
  • “Бага хуралдай” нэвтрүүлэг, 
  • 25-р суваг телевизийн “Номын гэгээ” нэвтрүүлэг,
  • Монгол телевизийн “Өнөө өглөө” нэвтрүүлэг,
  • MNC телевизийн өдрийн хэмнэл хөтөлбөр, 
  • NTV телевизийн “Coffee break” нэвтрүүлэг,
  • Үндэстэн телевизийн “Индиго хүүхдүүд” нэвтрүүлэг, 
  • PP channel телевизээр “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан” лекц,
  • Сүхбаатар аймгийн SB телевизээр “Хүүхэд эцэг эхийн тусгал” лекц.

ХҮМҮҮНЛЭГ, ОЮУНЛАГ, БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ!


Comments